Хөвөн даавуу болон Нийлэг даавууны ялгаа

2023-08-04 03:50
Хөвөн даавуу болон Нийлэг даавууны ялгаа

Даавуу материалын чанарыг таньж сурах нь өрхийн төсөв хэмнэхэд чухал ач холбогдолтой. Учир нь хүн бүр өмсөж байгаа хувцасныхаа материалын шинж чанар, угааж цэвэрлэх, арчлах аргуудыг мэдсэнээр удаан хугацаанд зөв цэвэр нямбай хэрэглэж чадсанаар арвилан хэмнэлтийг бий болгоно.


Хувцас бол эрүүл ахуйн шаардлага хангах ёстой. Үүнд материалын тухай мэдлэг чадвар тус болно. Бид энэ удаа хөвөн даавуу болон нийлэг материалын давуу болон сул талуудын талаар бэлтгэн орууллаа.


Хөвөн даавуу


Хөвөн бол нэхмэлийн зах зээлд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн утаснуудын нэг юм. Хөвөнгийн ургамлыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс тариалж, хөвөнг нь цуглуулан утас болгон ээрч ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Хөвөн даавууг цамц, даашинз, подволк, алчуур, дээл, дотуур хувцас гэх мэт янз бүрийн хувцас үйлдвэрлэхэд ашигладаг.



Давуу тал


Энэхүү даавуу нь хөнгөн, зөөлөн, амьсгалах чадвартай бөгөөд дулаан цаг агаарт хэрэглэхэд илүү тохиромжтой. Даавуун хувцас нь хүнийг өдрийн турш сэрүүн байлгаж чаддаг учраас ихэвчлэн зуны нимгэхэн хувцас хийхэд хэрэглэгддэг. Байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн тул арьсыг цочроох, харшил өгөхгүй бөгөөд хэт мэдрэмтгий арьстай хүмүүс ч гэсэн хөвөн даавуу өмсөж болно.


Сул тал


Хөвөн даавуунд сул талууд ч бас бий. Энэ нь байгалийн гаралтай эслэг учраас агших, амархан үрчлээтэх хандлагатай байдаг. Тиймээс хөвөн даавуун хувцсыг болгоомжтой арчлах хэрэгтэй. Та хувцсаа агшилтаас сэргийлж хүйтэн усаар угааж, үрчлээсийг нь арилгахын тулд өндөр уураар индүүдэх хэрэгтэй.


Хэт халуунд хатаах нь даавууг гэмтээж болно. Хөвөн даавууг ихэвчлэн polyester, район, маалинган даавуу гэх мэт бусад утастай хослуулж, илүү бат бөх, тэсвэртэй даавуу үйлдвэрлэдэг.


Бидний хувьд хүний биед хамгийн эвтэй байхыг бодолцон 100% цэвэр бөс даавууг импортлон оруулж ирж уран гарт монгол уран бүтээлчдийнхээ хөдөлмөрөөр эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгч та бүхнийхээ гарт хүргэдэг билээ.


Эдгээр хөвөн, ноос, ноолуур, хялгас, олс зэрэг байгалийн гаралтай ширхэглэгүүд нь бүгдээрээ хүний хэрэглээнд төгс тохирсон түүхий эд боловч жилийн аль ч улиралд элбэг олддог хямд төсөр эд биш юм. Жишээ нь хөвөнг зөвхөн ургамлын үр боловсрох үед цуглуулж авах боломжтой, ургамлыг нь чийглэг дулаан уур амьсгалтай бүсүүдэд л тариалдаг бол ноолуурыг бид зөвхөн хаврын улиралд самнаж авдаг, ийм нарийн ноолуурт ямаа зөвхөн хүйтэн сэрүүн уур амьсгалтай бүсэд л амьдардаг билээ. Иймээс жинхэнэ хөвөн, торго, ноолуур зэргийн үнэ өндөр байдаг.


Дээрх хязгаарлагдмал байдлыг даван туулах нэг зам нь хүний оюун ухаан буюу зохиомол аргаар төрөл бүрийн ширхэглэгийг нийлэгжүүлэн гаргаж авах явдал байдаг. Эдгээр даавууны нэг нь нийлэг буюу нилон даавуу юм.


Нийлэг даавуу


Нейлон бол дикарбоксилын хүчил ба диаминыг ашиглан үйлдвэрлэсэн синтетик утас юм. Nylon даавууг ихэвчлэн тирко, оймс, усны хувцас, спортын хувцас гэх мэт хувцас үйлдвэрлэхэд ашигладагаас гадна шүхэр, олс, цүнх, хивс, дугуй, майхан зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ч мөн адил ашигладаг. Дэлхийн 2-р дайны үед торго, хөвөн зэрэг байгалийн утаснуудын хомсдолоос болж хэрэглээ нь огцом өсөж чадсан.


Давуу тал

Нийлэг даавууны гол давуу тал нь бараг үрчлээтдэггүй, цаг агаарын ямар ч нөхцөлд төгс байдлаа хадгалсаар байдаг.

  • амархан цэвэрлэгддэг;
  • дулаанаа сайн хадгалдаг;
  • хүрэхэд тааламжтай;
  • олон төрлийн хүчил, уусгагчид тэсвэртэй;
  • урагдаж гэмтэх нь бага


Сул тал

  • амьсгалах чадвар муутай тул дотуур хувцас оёход ашигладаггүй;
  • чийг шингээдэггүй, учир хөлс их гаргадаг;
  • нарны гэрлийн нөлөөн дор зөөлөн байдлаа алддаг;
  • өөх тосыг амархан шингээдэг бөгөөд өөхний толбыг угаахад хэцүү байдаг;
  • статик цахилгаан хуримтлуулах чадвартай.


Зах зээл дээрээс ямар сонголт хийх нь хэрэглэгч та бүхний эрх билээ. Гэхдээ өдөр тутмын хувцсаа та сонгохдоо өөрт тохирсон хувцсыг хэрэглээрэй.


Манай бүтээгдэхүүн үйлчилгээ:


Холбоотой мэдээлэл:


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл